Pages

Subscribe:

Wednesday, December 14, 2011

Юкио Мишима


  Эх оронч үзэл

1

1936 оны хоёрдугаар сарын 28-нд буюу олныг донсолгосон тэр үйл явдлын гурав дахь өдөр¹ Гвардын тээврийн батальоны дэслэгч Такэяама Шинжи бослого үймээнийг дарах тухай тушаалтай эвлэрч, дайчин нөхдийнхөө өөдөөс зэвсэг хангинуулж чадахгүй байсан бөгөөд түүний дотны найзууд нь хуйвалдагчдын дунд байсныг мэдээд өөрийнхөө байшингийн \Ецуя дүүрэг, Аоба гудамжны 6-р байр\ нэг өрөөнд өөрийн илдээр харакири хийж үхжээ. Түүний гэргий Рэйко хайрт нөхрийнхөө жишээг дагаж мөн амиа хорлосон байна. Дэслэгчийн үхэхийнхээ өмнө бичсэн хагацлын зурваст “Эзэн хааны арми мандтугай” гэсэн ганцхан өгүүлбэр байв. Эхнэр нь ч мөн зурвас үлдээсэн бөгөөд зурвастаа тэднээс өмнө амьдралаас одож байгаагийнхаа төлөө эцэг эхээсээ уучлал гуйгаад “офицер хүний эхнэрийн ямагт бэлэн байх ёстой тэр өдөр ирлээ” хэмээн бичсэн байлаа. Эрэлхэг хосуудын амьдралын сүүлчийн мөч чулуун зүрх ч уяран хайлж бурхан ч нулимс дуслуулам байсан гэдэг. Дэслэгч гучин нэгэн настай, Рэйко хорин гурван настай байж. Тэдний хурим болсон өдрөөс хойш хагас жил ч өнгөрөөгүй байсан юм. 

 

 ¹1936.2.26-ны өдөр Тоокёо хотод “залуу дарга нарын үймээн” гарсан бөгөөд үймээнд оролцогсод дайныг эсэргүүцсэн эзэн хааны тамга хадгалагч сайд Сайто нарын гурван сайдыг алж Ерөнхий сайд Окадаг алах зорилготой байсан ч чадсангүй. Тэд хамгийн гол нь Япон улсыг цаашид хөгжин дэвжихийн тулд Азид ноёрхолоо тогтоох дайн хийхийг тулган шаардсан байна.



2

Хуриманд оролцсон хэн бүхэн, үгүйдээ гэхэд хуримын зургийг үзсэн бүхэн залуу хосын үзэмж сàйхныг бахдахгүй байх аргагүй байсан. Дүрэмт хувцасаа ёслол төгөлдөр өмссөн бага дэслэгч сүйт бүсгүйнхээ дэргэд жавхайтал цэх зогсож баруун гараа илдний бариул дээр тавьж, зүүн гартаа малгайгаа барьжээ. Царай нь эрс ширүүн бөгөөд бүлтийн томорсон нүд нь шийдэмгий зан, аймшиггүй зоригоор дүрэлзэх амуй. Хуримын дун цагаан кимонотой гуа үзэсгэлэнт сүйт бүсгүйг үгээр дүрслэх ч аргагүй. Жирвийсэн даль мэт хөмсөг, том алаг нүд, шонтгордуу хамар, ялдам уруул гэхчилэн юм бүхэнд нь уян зөөлөн сэтгэл, элбэрэл хослох аж. Кимононы ханцуйнаас асгаран гарч буй адил цухуйсан гартаа дэвүүр барьсан байх бөгөөд сүмбэн цагаан хуруунууд нь сарны гэрэл дэх тэргүүлэгч цэцгийн дэлбээ адил.

Тэднийг амиа егүүтгэснийх нь дараа энэ дурсгалын гэрэл зургыг харсан хүмүүс ингэж дэндүү сайхан таарч зохицсон хосын амьдрал гай зовлонд заавал унадаг гэж хэлэлцсэн гэдэг. Залуу хосын нүд яг л ирж буй үхлийн нигуурыг мэдэрсэн мэт…

Залуу хосууд тэдний худ болох дэслэгч-генерал Озэкигийн тэдэнд олж өгсөн Аоба гудамжин дахь шилтгээнд суурьшжээ. Шилтгээн гэж хэтрүүлэн өргөмжилсөн энэ том бус байшин бяцхан цэцэрлэгтэй, доод давхрынх нь хоёр жижиг өрөө нар үздэггүй шахам байсан тул хосууд дээд давхартаа унтлагын өрөөгөө байрлуулжээ. Тэдэнд зарц байсангүй. Рэйко л гэр орныхоо ажлыг өөрөө амжуулдаг байв.

Эх орондоо тулгараад буй цаг төрийн хэцүү байдлаас болоод хуримын аялалаас татгалзсан нь зөв гэж тэд шийджээ. Анхны шөнөө тэд шинэ байшиндаа өнгөрүүлэв. Оронд орохын урьд бага дэслэгч сөхрөн суугаад илдээ сугалан өвдөг дээрээ тавьж Рэйког өмнөө суулган хэдэн зүйл хэлжээ. Самурайн эхнэр нөхрийнхөө үхэлд ямагт бэлэн байх ёстой. Нөгөөдөр ч энэ явдал тохиолдож болзошгүй.”Тэр өдөр ирэхэд чи чичрэн дагжихгүй биз?” гэж тэр асуув. Рэйко өндийж шүүгээнээс тэдний гэрийн үе уламжлан дамжиж ирсэн, өглөө ээжийнх нь түүнд өгсөн богино илдийг гаргаж ирэв. Тэгээд дуугүй хуйнаас нь сугалан өвдөг дээрээ тавилаа. Ийнхүү тэдний дуугүй хэлэлцээр болж бага дэслэгч дахиж залуу эхнэрээ огт шалгасангүй билээ.

Хуримын дараах хэдэн сард Рэйкогийн гоо үзэсгэлэн борооны дараах үүлгүй тэнгэрт мандсан сар адил байв. Тэд залуу, эрч хүч дүүрэн бөгөөд шунал тачаал ч тэднийг бууруулж чадахгүй ажээ. Тэд зөвхөн шөнө л үүлэн борооны ажил хийдэг байсангүй. Шинжи албанаасаа ирмэгцээ л тэсгэл алдан залуу эхнэрээ тэвэрч авахад нь Рэйко түүнээс ч дутахгүй хариу үзүүлдэг байлаа. Рэйко бал сарын утга учрыг ёстой мэдэж Шинжи ч түүнд нь сэтгэл хàнгалуун явдаг байв.

Рэйкогийн цасан цагаан уран гоолиг биеэ, чадгар хөх, уян бэлхүүс тэргүүтэн нь халдашгүй ариун дагшин үзэгдэж хүслийн очсыг ямагт цахих бүлгээ. Залуусын биесийг хүсэмжлэх сэтгэл нь хором ч тэднийг үл орхидог билээ.

Хуарангийн албаны чөлөөтэй хэдхэн хоромд бага дэслэгч эхнэрээ л бодож суудаг бол Рэйко гэртээ ганцаар хоцорсон хойноо нөхрийнхөө гэрэл зургийг л үргэлж ширтдэг байлаа. Хуримынхаа гэрэл зургийг харах бүртээ тэр, энэ бол зүүд биш гэж баярлана. Рэйкод ердөө л хэдхэн сарын өмнө тэс харь хүн байсан, хуримын зуучаар дамжуулан танилцсан эр түүний амьдралын гэрэлт нар болсон гэхэд огт хачин сонин санагддаггүй байлаа.

Гэр бүлийн харилцаа нь эзэн хааны хуульд дурьдсанчлан “Нөхөр эхнэр хоёр бүрэн дүүрэн зохицож, ёс горимтой амьдрах учиртай” гэсэн сурвалжтай юм. Рэйко хэзээ ч, юугаар ч нөхрөөсөө зөрж, татгалзаж байсангүй агаад нөхрийгөө өөрт дургүйцэх өчүүхэн ч шалтаг гаргаж байсангүй. Тэдний доод давхрын зочдын өрөөнд шүтээний гонхонд Микадо /эзэн хаан/-ы гэр бүлийн гэрэл зураг байдаг бөгөөд бага дэслэгчийг өглөө бүр албандаа одохоос өмнө залуу хосууд түүнд доор мэхийн ёслодог билээ. Мөн Рэйко гонхоны ургамлуудыг сайтар арчлах тул тэдгээрийг навч нахиа нь үргэлж шинэ сэргэг харагдах бүлгээ.

3

Дэслэгчийн гэр эзэн хааны тамга хадгалагч сайд Сайтогийн харшаас төдийлөн холгүй байсан ч хоёрдугаар сарын 26-ны үүрээр тачигнасан буун дууг залуу хосууд сонсоогүй аж. Эмгэнэлт явдал арав хүрэхгүй минутанд болж өнгөрсөн тул дэслэгчийг буун дуу сэрээсэнгүй. Харуй бүрийн заагаар болсон дэлбэрэлтийн, аюулын дохиолол болон хангинах бүрээн дуу түүнийг сэрээлээ. Такэяма орноосоо ухасхийн босож дүрэмт хувцасаа чив чимээгүй өмсөөд эхнэрийнхээ авчирч өгсөн илдээ зүүгээд цасанд дарагдсан гудамжаар яаруухан явж оджээ. Хорин наймны өдрийн орой хүртэл Рэйко түүнийг дахиад харсангүй.

Радиогоор нэвтрүүлсэн мэдээнээс тэр юу болж өнгөрснийг мэдсэн бөгөөд энэ хоёр өдрийг сайтар хаасан хаалганыхаа цаана, гэртээ цор ганцаар нам гүм өнгөрүүлжээ.

Цас, харанхуй дундуур яаран явж одсон нөхрийнхөө царайд сеппуку хийх шийдмэг төрх байгааг Рэйко анзаарчээ. Хэрвээ нөхрийгөө амьд эргэж ирэхгүй бол тэр дагахад бэлэн. Тэр яаралгүйхэн эд юмсаа эмхлэв. Гадуур гарахдаа өмсдөг кимононуудаа тэр дунд сургуулийн найз хүүхэндээ үлдээхээр шийдэж цаасан дээр жагсааж бичээд мөн нэр хаягыг нь хамт бичлээ. Нөхөр нь түүнийг маргаашийн тухай мөрөөдөхгүй зөвхөн өнөөдрийг бодож өнөөдөр амьдарч сургасан юм. Тиймээс ч Рэйко өдрийн тэмдэглэлээ хуудас хуудсаар алгуурхан уншаад урж шатаасаар дуусгав. Нүсэр радио хүлээн авагч дээр Рэйкогийн цуглуулга болох шаазан нохой, туулай, баавгай, үнэг, сохор номин, бяцхан ваар, цозгор домбо тэргүүтэн байдаг юм. Эдгээрийг тэдний дурсгал болгон хадгалах нь юу л бол доо гэж бүсгүй бодлоо. Авсанд нь хамт хийгээрэй гэж гуйх эвгүй л юм даа. Рэйкод шаазан баримлууд гунигтайгаар зөвшөөрөнгүй дохих адил санагдлаа.

Рэйко сохор номинг авав. Гэвч бодол санаа нь аль эрт хүүхэд насных нь дурсамжуудаас холд одож, нөхрийнх нь дүрд хувирсан аугаа үзэл санааны туяанд нүд нь гялбаж байлаа. Энэ туяанд тэр үхэлтэй баяртай учрах болно. Гэхдээ тэр хүртэл элдэв дээдийн нялуун юм бодох хэдэн цагийн зав байна. Энүүхэндээ гэж хэлэхэд тэдгээр нялуун юмс аль эрт шалихгүй дурсамж төдий болон хоцорч дээ. Зүрх нь аз жаргалын тэвчишгүй сэрэл, тэсгэлгүй тэчъяадлаар дүүрсэн… Эс бөгөөс Рэйко бие махбодийнх нь түүнд өгч буй баяр баясгаланг ердийн таашаал адилаар бодоогүй байж таарах нь. Хоёрдугаар сарын янгинасан жавар шаазангаар дамжиж түүний сүмбэн хуруунуудыг жиндүүлсэн ч Рэйко нөхрийнхөө чийрэг гарт өөрийгөө тэврүүлсэн гэж төсөөлөхөд тэнд, цэцгэн хээтэй кимононых нь хормой дотор халуу шатаж ямарч цасыг хайлуулам халуун ялдам шингэн нойтогнон бие нь тавирав.

Хаа нэгтэй ойрхон буй үхэл бүсгүйг ойлгосонгүй. Хайртыгаа хүлээх зуураа тэрбээр нөхрийнх нь одоо мэдэрч байгаа зовлон, шаналгаа, бие махбодь бүхэн нь нийлээд түүнийг өөрийнхөө араас «Үхэл» гэдэг нэртэй баяр бахдал уруу уриалан дуудаж байгаа гэдэгт итгэж байлаа. Энэ бодол, бүр энэ бодлын өчүүхэн хэлтэрхий хүртэл түүний оршихуйг уусган хайлуулж байв.

Радиогийн эмхэтгэл мэдээнээс Рэйко хуйвалдагчдын эгнээнд нөхрийнх нь хамгийн сайн найзууд байсныг мэджээ. Энэ нь түүний сүүлчийн эргэлзээг тас цохив. Рэйко эзэн хааны албан мэдэгдлийг тэсгэлгүй хүлээж байлаа. Эхэндээ зэвсэгт бослогыг “Үндэсний сэргэн мандлын төлөө хөдөлгөөн” гэж нэрлэж байснаа аажимдаа “үймээн самуун” гэсэн гутамшигт нэрийг зүүлгэх болов. Дэслэгчийн алба хааж байсан цэргийн ангиас ямарч чимээ сураг гарсангүй. Цасанд дарагдсан хот хормоос хоромд буудалцаж эхлэхийг хүлээж байв.

Хоёрдугаар сарын 28-ны орой нар жаргахын урд гэрийнх нь хаалгыг чанга гэгч нүдэхэд сэтгэл сэрдхийн сонсчээ. Тэр үүдний өрөөнд гүйн хүрч, салганасан гараараа хаалганы түгжээг мултлав. Бүдэг шилний цаана хөдөлгөөнгүй зогсох бүдэг дүрсийг Рэйко нөхрийгөө байна гэж шууд л танив. Хаалганы түгжээ мултрах дургүй байгаа мэт аажуухан онгойжээ.

Гүйдэг хаалга бүрэн нээгдэж амжаагүй шахам байхад Шинжи шавар шавхай болсон гутал, нойтон шинельтэйгээ түрэн орж ирээд хаалгыг эргүүлэн оньсолж орхив. Бүсгүй нөхрийнхөө энэ хачин аашны учрыг түргэн олсонгүй. Тэр
-Оройн амгаланг айлтгая гэж хэлээд бөхийсөн ч нөхөр нь хариулсангүй. Бага дэслэгч шинелиэ тайлахад эхнэр нь авлаа. Шинель хүйтэн, нойтон байсан ба нартай өдрүүдийн адил адууны хөлс үнэртэхгүй, ер бусын хүнд байлаа. Гэргий нөхрийнхөө шинелийг өлгөж, илдийг нь цэвэрлээд нөхрөө дагаж зочдын өрөөндөө оров.

Үүдний хурц дэнлүүний гэрэлд дэслэгчийн ширүүн царай Рэйкод харийн хүнийх мэт санагдав. Такэяамагийн хацар нь хонхойж, царай нь барайжээ. Ердийн цагт бол тэр сайхан ааштай ирэхээрээ хамгийн түрүүнд хувцасаа солиод ширээний ард сууж идэх юм нэхдэг зантай. Гэтэл энэ удаа тэр шууд дүрэмт хувцастайгаа толгойгоо унжуулаад суучихлаа. Рэйко ширээ засах эсэх талаар асууж ч зүрхэлсэнгүй. Хэсэг дуугуй сууснаа нөхөр нь ам нээж,
-Би юуны ч тухай мэдээгүй байжээ. Тэд намайг хамт авч явахаар дуудсангүй. Саяхан гэрлэсэн болохоор тэр байх л даа… Тэнд Кано, Хомма, Ямагути… байсан байна гэж ярив.

Гэрт нь үргэлж ирдэг байсан нөхрийнх нь найзууд болох залуу офицерүүдийн царайг Рэйко харах шиг боллоо.

-Маргааш эзэн хааны зарлигийг уншиж сонсгох учиртай. Тэднийг үймээн дэгдээгч гэж зарлана. Би тийш нь цэргүүдээ дагуулж аваачих үүрэг авсан… Би үүнийг хийж чадахгүй. Чадахгүй… хэсэг чимээгүй болоод тэр,
-Намайг харуулаас буулгаж, өнөө шөнийг гэртээ өнгөрүүлэхийг зөвшөөрсөн. Маргааш өглөө зарлиг дуулсаны дараа тэдний байгаа газар уруу дайралт хийх байх. Рэйко, энэ бол миний хүч хүрэх зүйл бишээ гэж өгүүлэв.

Рэйко нөхрийнхөө өмнө газар ширтэн суусаар… Тэр нөхрийнхөө үхлийн тухай ярьж байгааг ойлгож байлаа. Шийдвэр аль хэдий нь гарчээ. Үхлийн цондон агуулсан үгс нь хэлбэршгүй сонсогдоно. Бага дэслэгчийн уй гашуу их байсан ч сэтгэл зүрх нь түүнийг тогтоон барьж байв. Тэр дахиад юу ч хэлэх хэрэггүй, эхнэр нь тэртээ тэргүй бүгдийг ойлгоно гэдгийг мэдэв. Залуу хөөрхөн эхнэрийнхээ царайг ширтэн суухад өнгөрсөн тарчилгаант хоёр өдрийн дотор анх удаа сэтгэл нь амар амгаланд автлаа. Зочдын өрөөнд хаанчлах нам гүм уулын хүйтэн горхины ус адил цэвэр нэн тунгалаг ажээ.

-Тэгэхээр… гээд дэслэгч өөдөө харлаа. Нойргүй хоносон ч гэлээ миний нүд сүүмийж бүүдийсэнгүй, хурцаар гялалзаж Рэйкогийн нүүр үрүү халз ширтэх ажээ.
-Тэгэхлээр… би өнөө шөнөө харакири хийнэ.

Рэйко балмагдсангүй. Түүний том алаг нүд одоохон хангинан жингэнэх гэж буй хонх мэт. Тэр хэсэг хугацааны хойно,
-Би бэлэн. Гэхдээ намайг чамайг дагахыг зөвшөөрөөч гэж дуугарав. Эхнэрийнх нь харцны сүр хүч түүнийг нөмрөн дарахыг дэслэгч мэдрэв. Түүний амнаас мансуурч дэмийрсэн адил үгс аяндаа цувран гарлаа.

-За яахав. Хамт байя л даа. Гэхдээ намайг яаж үхэхийг чи хараасай гэж би хүсэж байна. За юу?

Үүнийг яаж ийм хөнгөн хийсвэр, салан цүлэн зөвшөөрснөө тэр өөрөө ч сайн ойлгосонгүй. Гэвч тэр зөвшөөрсөн үгс л тэдний зүрхийг аз жаргалын халуун галаар төөнөлөө. Рэйко нөхрийнхөө итгэлд уяран хайлжээ. Тэр нөхрийнхөө үхлийн ёслолыг өө сэвгүй болох учиртайг мэдэж байв. Харакирид заавал кайсяку¹ байх ёстой. Харин эрхэм үүргийг гүн хүндэтгэлийн үүрэг болгон нөхөр нь түүнд ноогдуулжээ. Үүнээс ч илүү итгэл хүндэтгэлийн шинж нь бага дэслэгч эхнэрээ түрүүлж үхэхийг шаардсангүй. Ердийн хүн байсан бол эмэгтэйгээ заавал урдаа оруулж таарна. Ер нь амиа егүүтгэж байгаа хосууд тэгдэг. Харин Шинжи эхнэрийгээ өөрийг нь дагана гэдэгт эргэлзсэнгүй. Тэгээд ч тэр Рэйкогийн шийдвэр хуримынх нь анхны шөнө өргөсөн тангарагийг батлахын сацуу түүний эцэг өвгөдийн сургаал, гэрийн хүмүүжлийг илэрхийлж буйг харав. Бага дэслэгч гэргийгээрээ үнэн бахархаж байсан тул зөвхөн өөрт нь хайртайн улмаас эхнэр нь дагаад үхэж болно гэдэг бодол толгойд нь орж ирсэнгүй.

Тэдний сэтгэлийг ямар нэгэн баяр баясгалан эзэмдэж, царай нь инээд баяслаар гэрэлтэв. Рэйкогийн сэтгэлд тэдний өмнө дахин нэг хуримын анхны шөнө ирж буй адил санагдаж байлаа. Ирээдүй ч, өвдөлт шаналгаа ч, үхэл ч байсангүй. Ердөө л нам гүм, хязгааргүй уудам эргэн тойронд нь байлаа.

-Би ус халаасан. Онгоцонд суух уу?
-Тэгнэ ээ.
-Хоол идэх үү?

Энэ үг нэг л гомдонгуй, болж буй бүхэн ердөө л дэслэгчийн уран төсөөлөл мэт дуулдав.
-Хоол идээд ч хэрэггүй биз дээ. Харин жаахан сакэ уувал зүгээр юм.
-За.

Рэйко өндийж ханын шүүгээнээс нөхрийнхөө угаалгын халаадыг аваад шүүгээн доторхыг харуулав. Нямбайлан боож хаяг нэр бичин наасан зүйлсийг хараад тэр эхнэрээ татаж үнслээ. Рэйкод бол дэлгүүрээр хэсэж ядарч ирээд авсан зүйлсээ нөхөртөө гайхуулан үзүүлж байгаа залуу гэргий адил санагдав.

¹Кайсяку- самуурайг харакири хийхэд дэргэд нь зогсдог гэрч

Хусаагүй сахлын үзүүрүүд шанааг нь ирвэгнүүлэн энэ үнсэлт мөнх бусын хүчийг мэдрүүлэхэд Рэйкогийн хамаг бие дагжин чичрэн өлмий дээрээ өндийв.

-Эхлээд усанд оръё, дараа нь сакэ ууна… Тэгээд… тэгээд дээшээ гарч оррондоо орно гэж дэслэгчийг чихэнд нь шивнэхэд Рэйко толгой дохив.

Нөхөр нь дүрэмт хувцсаа тайлаад угаалгын өрөөнд орж ус цалгиулан онгоцонд суухыг сонсоод Рэйко сакэ халаахаар тулганд гал түлэв. Тэгээд алчуур, дотуур хувцас зэргийг нөхөртөө оруулж өгөх зуураа ус сайн халсан эсэхийг асуулаа. Шинжи онгоцонд суугаад сахлаа хусаж байх бөгөөд бядархаг булчингууд нь хөдөлгөөний хэмээр гүрвэлзэх аж.

Бүх юм яг л ердийн өдөр шиг… Рэйко гэртээ байгаа зүйлсээр хурдхан шиг зууш бэлдэв. Гар нь ердийнхөөс ч илүү хурдан хөдөлж байх шиг. Гэхдээ л хаа нэгтэй сэтгэлийнх нь гүнд айдас цахилаад өнгөрөв. Үүнээс бусдаар бол ердийн өдрүүдээс ялгараад байх юм байсангүй. Халуун устай онгоцонд сууж байхдаа бага дэслэгч алжаал ядрал хэрхэн биеэс нь арилж байгааг мэдэрч байлаа. Ирж буй үхлийг тооцохгүй юм бол бие махбодь нь хөгжил баяраар дүүрч, эхнэрийнх нь хөлийн чимээ сүүлийн хоёр өдөр таг мартаад байсан зүйлийг сануулж, цусыг бургилуулав.

Үнэхээр тэдний шийдсэн шийдвэр, тэднийг зэрэг эзэмдсэн баяр баясгалан чин үнэн гэдэгт Такэяма эргэлзсэнгүй. Юу ч санаж бодоогүй тэр хоромдоо ч гэсэн тэд, тэдний эдэлсэн бүх аз жаргалаас хамгийн дээд нь нугарч дарагдашгүй самурайн ёс суртахуун, бурханы таалал, өндөр дээд үнэнч шударга ёсны найдвартай хамгаалалт дор байгаагаа мэдэрч байвай. Дөрвөн нүд эсрэг ширтэлцэн тохирох үхлээ хүлээн авахад бэлэн байхдаа дэслэгч, түүний эхнэр хоёр ямархуу зузаан болд хэрмээр, үнэн гоо сайхан хоёрын бөх бат хуягаар хамгаалагдаж буйгаа ухамсарлав. Ийм учраас биеэ махбодийн дуудлага, эх оронч сэтгэлгээ хоёрынх нь дунд ямарч зөрөлдөөн үгүй , тэр ч бүү хэл энэ хоёр эсрэг тэсрэг шунал тэчьяадал нэгдэн нийлсэн гэдэгт дэслэгч эргэлзсэнгүй,

Дэслэгч ууранд хөлөрсөн толинд харан сахлаа болгоомжтойёо хусаж эхлэв. Удахгүй үхлийн баг өмсөх учраас нүүрээ эсгэхийг огт хүссэнгүй. Цэвэрхэн царай нь сахлаа авсаны дараа илүү ч туяарах шиг болж, туяанд нь хуучин толь хүртэл сэргэх шиг. Энэхүү үхэл, залуу нас хоёрын холбоонд ямар нэгэн дэгжин шаавай зүйл нуугдах аж.

Үнэхээр энэ бүхэн үхлийн сүүдэрт живнэ гэж үү? Тэр байтугай одоо л гэхэд дэслэгчийн царайны хагас нь түүнийх биш, дайнд үрэгдэгсэдийн хөшөөний чулуун дүртэй болжээ. Самурай нүдээ анив. Ертөнц харанхуйд живлээ. Амьд хүн л харж чаддаг шүү дээ.

Бага дэслэгч угаалгын өрөөнөөс гарч хоолны өрөөнд орж суув. Рэйко сакэ халааж, зууш бэлдээд тэр бүү хэл хацартаа энгэсэг түрхэж, уруулаа өнгөлж амжжээ. Түүний царайд гуниг гутралын ул мөр ч байсангүй. Бага дэслэгч гэргийгээ хараад сонголт алдсангүй гэж дахин бодов.

Дэслэгч хундагыг огцом хоослоод дахин дүүргэж эхнэртээ барив. Жимсний дарс ч амсаж байгаагүй Рэйко дуулгавартайяа сакэг балгаад тавилаа.

-Нааш ир дээ.

Рэйког дөхөн суухад нөхөр нь тэврэн авлаа. Архиар ассан баяр гуниг хоёр цээжинд нь холилдон шуургалж байв. Шинжи Рэйкогийн нүд рүү ширтэв. Түүний харах сүүлчийн бүсгүйн царай, сүүлчийн хүний нүүр. Тэр нүүрний эс ширхэг бүрийг яаралгүйхэн уран зурагт шимтэгч адилаар шуналтан ширтэв. Зөөлөн хэрнээ зузаан уруул түүний энэ хүйтэн гоо үзэсгэлэнгийн оргил ажээ. Тэр бөхийн үнсэв. Гэргийнх нь нүүрний нэг ч булчин хөдлөөгүй боловч аньсаганаас нь нулимс урсан гарахыг тэр мэдрэв. “Орондоо оръё” гэж дэслэгчийг шивнэхэд эхнэр, эхлээд усанд ормоор байна гэлээ. Дэслэгч ганцаар дээшээ гарч хийн халаагуураар дулаацуулсан унтлагын өрөөндөө ороод хөнжилдөө шурган хэвтлээ. Бүх юм ердийн адил, цаг хугацаа хүртэл шүү… Тэр хэдэн удаа ийн хэвтэж гэргийгээ хүлээсэн билээ. Тэр гараа дэрлэн хэвтээд дэнгийн тортогт ялимгүй харласан тааз ширтэв. Тэр юу хүлээнэм? Үхэл үү?, эсвэл ухаангүй тачаал цэнгэл үү? Нэг хүлээлт нь нөгөөтэйгөө холилдон сүлэлдэж үхэл яг л хурьцал адил мэдрэгдэх ажгуу. Аль нь ч байсан Шинжи ийм уудам эрх чөлөө, чөлөөг мэдэрч байгаагүй бүлгээ.

Цонхны цаагуур автомашин өнгөрөв. Цасанд дарагдсан гудамжны голоор машины дугуй чихран төмөр хавирах дуу хадаж тэр нь байшингаас байшин өртөөлөн цуурайтав. Хүн тэнгис үүнийг ажрах ч үгүй ердийнхөөрөө үймэн давалгаалж байхад энд, энэ өрөөнд ганцаардлын өнчин арал байлаа. Энэ хананы цаана түүний зүрх сэтгэлээ өгсөн эх орон нь бий. Түүний төлөө тэр амьдралаа зориулсан. Үзэл санааныхаа төлөө амиа өргөж байгаа түүнийг эх орон нь анзаарах болов уу? Анзаарахгүй байг л дээ. Дайны талбарт алдар нь цуурайтаж, тулааны цусан гавьяа түүнд ирэхгүй ч гэсэн яг энд, сэтгэл зүрхэн дотор нь фронтын шугам байгаа.

Рэйкогийн шатаар өгсөх сонсогдов. Хуучин борог шат хяхтнан дуугарахад бага дэслэгч энэ аялгуунд хичнээн дуртайгаа дурслаа. Тэр хяхтнааны эгшин бүрийг сүүлийн удаа сонсон цэнгэхийг хичээв.

Рэйко угаалгын халаадан дээрээ улаан бүс зангидсан нь бүрэнхий өрөөнд бараан өнгөтэй үзэгдэнэ. Дэслэгч зангилааг бушуухан тайлж халаад руу гараа шургуулан эхнэрээ тэвэрч авахдаа тачаалаасаа болж үл мэдэг салгалж байлаа.

Тэд дүрэлзэн ноцож байгаа хийн зуухны дэргэд чармай шалдан зогсож буйгаа ч анзаарсангүй. Тэдний сүнс, бие сэтгэл, оюун бодол нь энэ бүхэн сүүлчийн удаа гэсэн ганцхан ухамсарлалтаар дүүрчээ. Үл үзэгдэгч бийр тэдний арьсан дээр “сүүлчийн удаа” гэдэг ханзыг зай завсаргүй бичих шиг.


Шинжи эхнэрээ өөр рүүгээ шунаглан нааж тэд янаглан үнсэлцэв. Эхнэр түүний хэлийг шунан хөхмөгц үхлийн ёроор ноцоогдсон тачаал нь улайдсан төмөр адил болов. Чухам энэ амь давчидсан байдал л тэдний үүлэн борооны цэнгэлийг огт үзээгүй, цэвэр, тод болгож өгөх ажээ.

-Гуалиг сайхан биеийг чинь сүүлчийн удаа харъя гэж дэслэгч шивэгнэв. Тэр дэнгийн бүрхүүлийг авч гэрлийг нь орон дээр тусгахаар болголоо. Рэйко нүдээ анин хөдлөлгүй хэвтэж байлаа. Гэрэл, сүүдэртэй хамсан бүсгүйн сайхан цагаан биеийн галбирыг үлэмж тодруулах ажгуу. Хэрвээ түрүүлээд үхчихвэл энэ гоо сайхны сүйрлийг үзэж чадахгүй нь гэж дэслэгч амиа хоохойлон бодлоо. Энэ гайхамшигтай зургыг тархиндаа шигээж авах гэж алгуурхан ширтсээр нэг гараараа бүсгүйн үсийг илбэж, нөгөө гараараа хөмсөг, нүд, хамар уруулыг нь тэмтчив. Цэвэрхэн магнай нарийхан зургар хөмсөгнийх нь доорхи сүүдэр, өөгүй шулуун хамар, зузаан уруул, танан шүд… эрүүл цус хурсан хацар, жижигхэн эрүү… Удахгүй хурц хутганы ирэнд тас хэрчигдэх тавилантай цасан цагаан хүзүүг нь үхлийн туяанд гялбан байж дэслэгч шуналтайяа үнсэв. Тэгээд Рэйкогийн амыг уруулаараа хаман авч энхрий ялдам хэрнээ шуналтай шимэв. Хэрвээ нүдээ анивал бүхий л ертөнц алгуурхан дайвалзаж байгааг мэдэрч болохоор байв. Дараа нь Шинжигийн уруул алгуурхан доошилж хэнхдэг, төмбөгөр хөх, уулын зэрлэг интоор мэт болцойсон хөхний толгойг нь хөхөн үнслээ. Мөрнөөсөө авхуулаад тохой, бугуй гээд зорчихсон мэт уран гоё гар… сүмбэн хуруунууд, хуримын гэрэл зураг дээр дэвүүр барьж буусан хуруунууд… бүгд бага дэслэгчийн шуналтай халуун үнсэлтэнд өртөв. Нарийн бэлхүүс, хэвэл, чийрэг ташаа гээд энэ бие тэр чигээрээ даруу зан, ёс журмын биелэл мэт. Бүсгүйн хэвлий дэнгийн гэрэлд амсар дүүрэн тавагтай сүү адил атал хүйсний нүх нь түүнд дуссан борооны ганц дусал адил аж. Харин биеэн дээрх сүүдэр алдрах тэр хязгаарт зөөлөн бужгар үснүүд бие махбодийн оволзон дүрэлзэж буй тачаалын дохио болон ер бусын сайхан үнэр ханхлуулна.

-Би бас харъя л даа… Сүүлчийн удаа гэж Рэйко чичирсэн хоолойгоор хэлэв. Тэр анх удаа л нөхөртөө хандаж ийм шийдмэг хүсэлт тавьж байгаа билээ. Татгалзах ч арга байсангүй тул бага дэслэгч өөд харан хэвтлээ. Рэйко өндийж өөрийнх нь хөдөлгөөн бүрийг даган ширтэж буй нөхрийнхөө нүдийг нарийхан цагаан хуруунуудаараа аниулав...
...Өөрийн эрхгүй энхрийлэх сэтгэл нь дүрэлзэн нөхрийнхөө тачирхан халимагтай толгойг цээжиндээ наалаа. Залуу эрийн амьсгал халуун, хамар цэв хүйтэн байсан агаад ширүүн үснүүд нь түүний арьсыг хатган эмзэглүүлж байлаа. Рэйко ялимгүй зайчлангаа тэр эрэлхэг царайг ширтэв. Өтгөн хөмсөг, онигордуу зовхи, болтгор хамар… чанга жимийсэн сайхан уруул… сахлыг нь авчихсаны хойно үл мэдэг хөхөрсөн шанаа... гээд энхрий бүхнийг нь тэр үнслээ. Дараа нь ханхар цээж, тэвхгэр мөр, зангиран товойсон булчингуудыг нь үнсэв. Залуугийн боловсорсон улаан буудайнх шиг шаргал өнгөтэй арьс, хэвлийн зангирсан булчингуудыг Рэйко илдэнд тасчигдан хүүлэгдсэн байна гэж бодоход нүднээс нь нулимс өөрийн эрхгүй урсан гарлаа. Арьсан дээр нь бүлээн нулимс дуслахыг мэдрээд залуу эр улам хатуужлыг олж эдүгээ ямар ч зовлон шаналалыг тэвчин давна гэдэгтээ эргэлзсэнгүй.
Хагацлын энэхүү үйлдэл тэднийг хэрхэн цэнгүүлсэнийг хэлэхэд ч илүүц биз. Бага дэслэгч уйлан буй гэргийгээ ер бусын энхрий чангаар өөртөө наалдуулан шахаж, янаглан таалав. Рэйко дагжин чичирч тэдний биес хэрхэн нийлэн уусан байгааг мэдэрч байлаа. Тэд нэг цул болсон бөгөөд одоо тэднийг салгахад дэндүү оройтжээ. Бүсгүй дуу алдав. Тэр өндрөөс ёроолгүй руу унаж байх шиг болсноо гэнэт шидээр жигүүртэй болж өөдөө хөөрөн нисэв. Харин залуу эр явган цэргийн маршид гүйсэн тугчин адилаар уухирдан амьсгаадаж байлаа… Тачаалын давалгаа ар араасаа босон давалгаалж, залуу хосууд ядрахыг ч үл мэдрэн тэр давалгаан дээр гарахаар тэмүүлэх ажээ.

4

Дэслэгч Рэйкогийн биеэс арайхийн салахдаа ханаж цадаад больсон хэрэг биш байжээ. Харакири хийхдээ зарцуулах хүч чадлаа гамнах болгоомжлол түүнийг зогсоожээ. Түүнчлэн хайр сэтгэлийнхээ сүүлчийн мөчүүдийг сэтгэлээ цатган өнгөрүүлэх хүсэл түүнд байсангүй.

Эр нөхрөө өөрөөс нь хөндийрмөгц Рэйкогийн хүсэл буураад явчихав. Тэд эхээс төрснөөрөө зэрэгцэн хэвтээд гараа атгалцан бараан таазыг ширтэн байлаа. Гудамжны хөдөлгөөн хэдий нь зогсож нам гүм шөнө нөмөрчээ. Харин Ецуя өртөөний галт тэрэгний чимээ энд хүрэлгүй Акасака ордны цэцэрлэгт замхран алга болдог билээ. Нийслэлийн энэ амгалан буйд мухарт, тулаанд бэлдэж буй гэдэгт итгэхэд бэрх санагдана.

Амрагууд хөдлөх ч үгүй хэвтэж, диваажингийн цэнгэлийн хором мөч бүрийг мартагдашгүй үнсэлт, гал халуун бие, аз жаргалын сэрэл гээд олон зүйлс тэднийг орхин одож буйг мэдэрч байлаа. Бараан таазнаас үхэл тэднийг хэдийнэ олзуурхан ширтэх аж. Цэнгэл дуусчээ. Дахиж ирэхгүйгээр одож. Тэд хоёулаа хэрвээ үүнээс удаан амьдрах хувь заяатай байсан ч гэлээ ийм жаргал цэнгэлийг хэзээ ч ингэж амсахгүй байсандаа хэмээн бодож байлаа.

Дэслэгч Рэйкогийн гарыг атгаж байснаа тавив. Таазанд буй энэ модон хээг хэзээ ч дахин харахгүй. Цаг мөч ирэх бүрийд үхэл ойртож байгаа нь улам бүр илэрхий болсоор байлаа. Цаг хугацаа ч үлдсэнгүй. Эр зоригоо хөвчлөн өөрөө үхлийг угтан алхах хэрэгтэй байлаа.

-Босъё доо. Бэлдэх цаг боллоо гэж дэслэгч нам гүмийг эвдэн өгүүлэв. Түүний үгс эрс шийдэмгий сонсогдсон ч Рэйко нөхрийгөө ийм эелдэг найрсаг, энхрий өнгөөр үг хэлж байхыг урьд нь огт сонсож байсангүй.

Тэд өндийцгөөв. Хийх ёстой зүйлс олон байлаа.

Дэслэгч эхнэрээ хэзээ ч гудас хөнжлөө хураахад нь тусалж байсангүй. Харин энэ удаа тэр ханын шүүгээгээ хурдан гэгч онгойлгож хуйлсан хөнжил дэвсгэрээ тийш нь чихэж орхив. Тэгээд дэнлүү асааж өрөөний голд орших тулганд гал түлэв. Өдөр Рэйкогийн цэвэрлэсэн энэ өрөө яг л ямар нэг хүндэт зочныг хүлээн авах гэж буй мэт болжээ. Дэслэгч санаа алдаж,
-Энэ ширээний ард хичнээн ч наргиж цэнгэв дээ. Кано, Ямагути, Хомма гээд л бүгд байсан…гэв.

-Тэд үнэхээр наргих дуртай байсан даа.
-Зүгээр дээ бид удахгүй тэдэнтэй уулзана. Чамайг дагуулж аваачсаныг минь хараад тэд надаар яажшуухан тоглоом шоглоом хийхийг төсөөлж л байна.

Доод давхар уруу буухаасаа урьд дэслэгч дэнлүүний гэрэлд гийгүүлэгдсэн өрөөг нэвт шувт харцаар тойруулж харав. Түүний бодол сэтгэлийн нүдний өмнө залуу офицерууд, найзуудынх нь нүүр царай, халамцуу яриа, эзэн хааны замналын талаарх үгс, гэнэн бардамнал урсан үзэгдэв. Тэд наргиан цэнгээнтэй мөчүүдэд нэг сайхан өдөр энэхүү тасалгаанд гэдсээ хүүлэх юм гэж даанч бодож байсангүй.

Нэгдүгээр давхрын тасалгаандаа буцаж очоод гэр бүлийн хоёр үхэлдээ бэлдэж эхлэв. Дэслэгч жорлонд орж биеэ засаад дараа нь усанд орлоо. Тэр үед Рэйко нөхрийнхөө гэрийн халаадыг нямбай гэгч нь эвхэж тавиад , ёслолын дүрэмт хувцасыг нь цардсан гуяны боолтын хамт угаалгын өрөөний үүдэнд авчирч тавилаа. Дараа нь зочны жижиг өрөөнийхөө ширээн дээр үхлийн өмнөх захидал бичих цаасыг дэлгэж тавиад бэх зуурч эхлэв. Хувьдаа бол бүсгүй эцсийн захидалдаа юу бичихээ аль эрт шийдсэн байжээ.

Рэйкогийн хуруунд хавчуулсан савханы хөдөлгөөний аясаар бэхний үүрмэгүүд усанд уусч өтгөрөх ажээ. Рэйко бэх зуурч буй сулхан шалчигнах чимээ, хурууных нь жигд хөдөлгөөн хоёр үхлийг нь ойртуулахад зориулагдаж байгаа тухай бодохыг өөрөө өөртөө хорьжээ. Энэ бол гэртээ хийдэг ердийн л ажил нь, үхэлтэй уулзах хүртэл цаг нөхцөөх энгийн арга. Улам бүр зууринга болж буй савханы хөдөлгөөн, нэвт ханхлах бэхний үнэр гээд энэ бүхэн түүнд цаанаа л зэвүүн санагдана. Нүцгэн биеэн дээрээ ёслолын дүрэмт хувцасаа өмссөн дэслэгч угаалгын өрөөнөөс гарч ирлээ. Тэр дуу шуу ч үгүй сөхрөн суугаад бийр авч цэвэрхэн цагаан хуудсыг нь шийдвэргүйхэн харлаа.

Рэйког усанд орж нүүрээ будаад цагаан кимоно өмсөөд буцаж ирэхэд дэслэгч үхлийн өмнөх захидлаа аль хэдийн бичээд дууссан байв.

“ Эзэн хааны арми мандтугай, Дэслэгч Такэяма Шинжи ”.


Рэйко нөхрийнхөө эсрэг талд сөхрөн суугаад бичиж эхлэхэд дэслэгч эхнэрийнхээ цагаан турьхан хуруунууд хэрхэн цаасан дээр ханз үсэг үүсгэхийг анхааралтайяа ширтэн суув. Дэслэгчийг илдээ зүүхэд Рэйко чичлүүр хутга авч бүсэндээ хавчуулав. Залуу хосууд хагацлын захиагаа хоёр гардан өргөж шүтээнд дөхөж очоод чив чимээгүй залбиран мөргөв.

Доод давхрынхаа гэрлийг унтраагаад дэслэгч шатаар дээш өгсөхөд эхнэр нь дагалдав. Тэр гэнэт шатны дунд зогсож дун цагаан хувцас өмсөөд өөрийг нь үг дуугуй харанхуйд дагах гэргийнхээ гоо сайхныг бахдан ширтлээ.

Тэр захидлаа хоёр давхрын зочдын өрөөнд \Токонома-д\ өөрсдийнхөө дэргэд тавилаа. Дэслэгч хананаас какэзику-г¹ хуулж авахыг хүссэн боловч “Үнэнч шударга” гэсэн аугаа үгийг бичсэн болохоор нь түвдсэнгүй. Энэ үгийг бичсэн, тэдний худ дэслэгч генерал Озэки, хэрвээ цусан дуслууд хананд өлгөөтэй энэ бичиг хүртэл үсэрсэнийг үзвэл түүнийг уучилж болох юм хэмээн тэр саналаа. Тэр хана руу нуруугаа харуулж сөхрөн суугаад илдээ өвдөг дээрээ тавилаа. Рэйко түүнээс ялимгүй зайтай суув.

¹Японд амьдралын чухал уриа гэсэн үгээ торгон дэвсгэр дээр бичиж ханадаа өлгөдөг. Үг бичсэн дэвсгэрийг Какэзику гэнэ.

Тэр дун цагаан хувцас өмсөж нүүрээ цагаан оогоор сайтар будсан болоод ч тэр үү час улаанаар будсан уруул нь гойд ялгаран нүднээ тусах ажээ. Залуу хосууд бие биенийхээ нүдийг тас ширтэнэ. Нөхрийнхөө өвдөг дээр байгаа илдийг хараад Рэйко хуримын анхны шөнөө дурсаж хэмжээлшгүй гунигт автагдав. Тэгтэл Шинжи аядуу хоолойгоор,
- Надад кайсяку байхгүй учраас гэдэс үрүүгээ гүнзгий дүрэх болно. Үзмээрч зүйл биш л байх. Гэхдээ чи битгий айгаарай. Ямарч үхлийн хажуунаас нь харах аймшигтай байдаг юм. Энэ чиний зоригийг мохоохгүй байх гэж бодож байна. За юү, гэж хэлэв.

-За гэж Рэйко толгойгоо бөхийлгөв. Цагаан хувцсанд далдлагдсан гэргийнхээ гоолиг биеийг харж суухдаа дэслэгч хачин мансуурсан сэрэл өөрийг нь эзэмдэн авахыг мэдэрлээ. Эдүгээ бүсгүй түүнийг цэрэг хүнийхээ үүргийг биелүүлж байгааг нь харж байна. Энэ бол өмнөхөөсөө шал өөрөөр түүнийг харж байгаа хэрэг. Учир нь түүний сонгож авсан үхэл тулалдааны талбарт өөд болсноос дутахгүй нэр хүндтэй үхэл билээ. Тэр гэргийдээ хэрэв тулалдах болбол өөрийгөө хэрхэн авч явахаа харуулна.

Дэслэгчийн хөвөрсөн бодол дур булаам хийсвэрлэлд автав. Тулалдааны талбар дахь ганцаардсан үхэл, үзэсгэлэн гоо гэргийнхээ нүдэн дээрх амиа хорлолт…Энэ хоёр үхлээр хоёулангаар нь үхэхсэн…

Дэслэгчийн энэ мэдрэмж түүнийг жаргал цэнгэлийн дээдэд аваачлаа. Жинхэнэ аз жаргал гэдэг энэ байна гэж тэр бодов. Гэргийнхээ нүдэн дээр амиа тэвчих нь далайн зөөлөн цэнгэг салхиар амьсгалсаар өөд болохтой ижил санагдана. Түүнд өөр хэнд ч заяагаагүй ховор аз завшаан, онцгой амжилт, эрх ямба заяажээ. Гэргийтэй нь төстэй жижигхэн цагаан дүрс дэслэгчийн хувьд амьд явсаных нь бүх утга учир болох Микадо(эзэн хаан) , Эх орон, Самурайн байлдааны алдар зэргийн биежсэн дүр байлаа. Энэ бүх ариун гэгээн биелэгдлүүд түүн үрүү эхнэрийнх нь харцаар ширтэж байлаа.

Рэйко ч бас нөхрийгөө үхэхдээ бэлдэхийг нь харах зуураа үүнээс илүү гоо сайхан юм ертөнцөд бий болов уу гэж бодож байв. Цэргийн дүрэмт хувцас нөхөрт нь үргэлж зохидог хэдий ч одоо уруулаа жимийж, хөмсгөө зангидан, үхлийн өөдөөс харж суугаа нөхөр нь улам эрэлхэг, бахадмаар гоо сайхан харагдана.

-Цаг боллоо гэж дэслэгч дуугарав.

Рэйко духаа шаланд хүртэл түүнд мэхийн ёслов. Гэнэт хамаг хүч чадал нь хаашаа ч юм бэ нисэн одох шиг болж тэр эргээд өндийж огт чадсангүй. Уйлж болохгүй нүүрний будаг урсчихна гэж тэр өөртөө тушаасан ч нулимс нь аяндаа өөрөө урсаад эхлэв. Тэр арайхийн өндийхдөө нүдийг нь бүрхсэн нулимсны манантсан дуслуудын цаана нөхөр нь илдээ сугалаад үзүүрийг нь хүртэл 20 см хэртэй зай үлдээж бусдыг нь цагаан даавуугаар чанга гэгч ороож буйг олж харав.

Үүнийгээ дуусгаад дэслэгч илдээ шалан дээр тавьж завилж суугаад дүрэмт хувцасныхаа энгэрийг задгайлж эхлэв. Тэр дахин гэргий рүүгээ харсангүй. Түүний хуруу хавтгай зэс товчийг дараалан алгуурхан мултлана. Хүрэн цээж, хэнхдэг, гэдэс нь ил гарлаа. Дэслэгч тэлээгээ тайлж өмдөө шувтлан, бөгсөн биедээ ороосон тод цагаан боолт нь ил гарав. Тэр боолтыг бүр доошлуулж хэвэл биеэ бүр ил гаргаад цагаан даавуугаар ороосон илдээ баруун гартаа атгав. Дэслэгч нүдээ цавчилгүй хэвэл рүүгээ ширтэнгээ зүүн гараараа бэлхүүснийхээ ялимгүй доогуур зөөлхөн илбэлээ.

Илд нь хангалттай хурц эсэхэд санаа зовсон самуурай өмдөө бүр доошлуулж гуяа зөөлхөн зүсэж үзлээ. Арьсан дээр нь улаан зураас гарч цус утас мэт нарийхнаар гуян дээгүүр урсах нь чийдэнгийн хурц гэрэлд гялалзан харагдав.

Рэйко нөхрийнхөө цусыг түрүүлж хармагцаа амьсгал нь дээрдээд ирэв. Тэр нөхрийнхөө царай руу ширтлээ. Дэслэгч шархаа цэнэсэн янзтай харж байлаа. Энэ сэтгэгдэл нь хэдий хуурамч гэдгийг мэдэж байсан ч Рэйко шуудхан тайвшраад явчихлаа. Тэгтэл дэслэгч толгойгоо өндийлгөн гэргийнхээ нүүр рүү хагацлынх мэт нэвт шувт зэвүүн харцаар ширтэв. Илдээ гэдэс рүүгээ чиглүүлэн яльгүй өндийснөө бүхий л хүч чадал, булчин шөрмөсөө хөвчлөн хэвлийнхээ зүүн доод хэсэг рүү үзүүрийг нь шааж, аль болох гүн оруулахын тулд биеэрээ дээрээс нь дарав. Аймшигт хашхираан өрөөний нам гүмийг эвдлээ. Дэслэгч хэдий өөртөө илд шаасан ч түүнд , хэн нэгэн өөр этгээд түүний биеийг бүдүүн төмөр саваагаар шавхуурдаад авах мэт санагдав. Нүд нь харанхуйлж хэдэн хором юу болж буйг ч тэр ойлгосонгүй. Илд, ороосон цагаан даавуугаа хүртэл биед нь шаан орж илднийхээ голоос тас атгасан гар нь түүний биед тулжээ. Оюун бодол нь цэлмээд явчихав. “Илд хэвлийг нэвт хатгасан, энэ эргэлзээгүй ” гэж тэр бодлоо. Амьсгал нь боогдож цээж нь хүндрэн бие махбодид нь бус тэртээ холд хаа нэгтэй аймшигтай өвдөж байгааг тэр мэдрэв. Тэнд газар хагарч час халуун лав бургилан гарах шиг. Тэр өвдөлт аймшигтай хурдаар улам бүр ойртон ирнэ. Дэслэгч ёолоон орилоноо доод уруултайгаа хамт шүдээрээ тас зуув. Харакири гэж ийм зүйл байжээ хэмээн дэслэгч бодлоо. Толгой дээр нь огторгуй нурж, ертөнц хөрвөж байх шиг. Хатан зориг, сэтгэлийн тэнхээ нь илдний үзүүр, нарийхан ган утас болж биед нь шаан орох хүртэл эвдэрч нугарашгүй адил санагдаж байсан бөгөөд одоо оюун ухаан нь тэр ган утсыг хамаг хүч чадлаараа барьж байхыг шаардана. Дэслэгчийн сэтгэл түгшүүрт гуниг, гутралаар дүүрэв. Илд атгасан гар нь нойт оргиход самурай лавлан харвал, илд ороосон цагаан даавуу, гар нь бүхэлдээ цусаар бялтсаныг олж үзэв. Хувцас нь цусанд будагджээ. “Ийм тамлалт амсаж байж ертөнцийг урьдын адилаар буйг ийм тов тод харж байгаа маань жигтэй юм даа” гэж тэр бодлоо.

Дэслэгч гэдсэндээ зоосон илдийг хүчлэн татаж хэвлийгээ хүүлээд царай нь цас шиг цайлаа. Рэйко үүнийг үзээд нөхөр рүүгээ ухасхийх хүсэлтэйгээ дотроо галзуурсан мэт тэмцэлдэж байлаа. Ингэж болохгүй. Тэр суугаад үүнийг харах ёстой. Тэр бол кайсяку буюу гэрч, нөхөр нь түүнд энэ үүргийг ноогдуулсан. Нөхөр нь түүнээс ганцхан алхмын зайд суугаад хөмхийгөө тас зууж, нүүр ам нь цайж мурийжээ. Түүний нүүрэнд тэвчишгүй зовлон өвдөлт харагдах ажээ. Гэвч Рэйко хайртдаа яаж туслахаа мэдэхгүй байлаа. Дэслэгчийн духан дээр хөлсөн дуслууд гялалзана. Тэр нүдээ аниад хэсэг болсноо алгуурхан нээв. Түүний харц ердийнхөө гэгээн тунгалаг байдлаа алдаж , утга учиргүй хоосон, яг л ямар нэгэн араатных адил болжээ. Нөхрийнх нь амсаж буй зовлон зуны нарнаас ч хурц мэдрэгдэж түүнийг Рэйкогийн сэтгэлд халгин буй төсөөлөлтэй зүйрлэх ч аргагүй байлаа. Нөхөр нь харь ертөнцийн эд эс болон хувирч түүний оршихуйн бүхий л утга учир нь өвчин шаналгаа болон хувирчээ. Рэйкод түүний нөхөр өвчин шаналгаан торонд хоригдсон, гар хүрч боломгүй мэт санагдана. Гэвч тэр өөрөө өвчин шаналгааг үл мэдэрнэ. Түүний шаналан бие махбодийнх биш учраас тэр биз. Хэн хэг нь нөхөр хийгээд түүний хооронд өршөөлгүй цэвдэг шилэн хана босгосон мэт. Хуримынх нь өдрөөс хойш Рэйкогийн амьдралын утга учир нөхөр нь болсон. Тэр нөхөртэйгөө нэгэн зэрэг хамт амьсгалж, амьдарч байсан. Харин одоо нөхөр нь түүнээс ангид, өөрийн өвчин шаналанд автагдан байв. Бүсгүй энэлэн, гасланд автагдан амьдралын түшиг тулгуураа алдахыг харж байлаа. Дэслэгч хэвлийгээ улам хүүлэхийг оролдсон ч илд нь түүний хэвлий дотор нэг зүйлд тулчихаад цааш хөдөлсөнгүй. Тэр илдээ хоёр гараараа барьж бүр гүн шаагаад хүчлэн татах ёстойг ойлгов. Тэр хэдий илдээ баруун гарынхаа байдаг хүчээр татсан ч илд нь санаж байснаас нь ч илүү хөшингө хөдлөв. Хэвлийд нь арван см орчим ангархай гарчээ. Өвдөлт усны урсгал шиг цутгаж, хэвлий нь аварга том, үгүй бол мянган жижиг хонх мэт, судас нь лугшиж, амьсгал бүрт нь чичирхийлэн доргиж байлаа. Ёолоон чарлаанаа ч барьж чадахгүй болжээ. Гэнэт дэслэгч илд нь зүссээр бараг хэвлийнх нь дунд хүрснийг үзээд шинэ хүч чадал гарт нь урсан орлоо.

Цус нь бургилан гарч улам хүчтэй олгойдон гоожих болов. Шал тэрүүхэндээ улаанаар будагдаж, бор ногоон өмдийг нь даган цусан горхи урслаа. Цусны бяцхан дусал нисэн ирж Рэйкогийн цасан цагаан кимоногийн хормой дээр буув. Дэслэгчийг илдээ хэвлийнхээ баруун хэсэг хүртэл татахад цус өөхөнд тослогдсон ир нь, ангайсан шархнаас нь бараг сугарсан ажээ. Гэнэт бөөлжис нь цутгаж тэр сөөнгө дуугаар уухирдан архирав. Хамаг булчин шөрмөс нь таталдан татсанаас өвдөхөө улам бүр тэсвэрлэх аргагүй болж байв. Шархных нь ам ангайн дорвойж, хэвлий доторх бүхэн нь цухуйжээ. Лав гэдэс нь хүүлэгдсэн бололтой. Бүдүүн гэдэс эзнийхээ шаналан, өвчинг огт хайхарсангүй эрүүл саруул, амьдралын баяр баясгалангаар гялалзаж, хэвлийнээсээ сулран цухуйж , өөрийн дураар гулсан гарч эхлэв. Дэслэгч толгойгоо унжуулан мөрөн дээрээ тавьж хүндээр амьсгаадна. Нүд нь онийж, аньсага зовхи нь нийлэн татвалзах бөгөөд амнаас нь унжиралдан гоожих шүлс ёслолын дүрэмт хувцасных нь алтан мөрдэсэн дээр унажээ.

Тэр мэлтийсэн цусан шалбааган дунд захирагдахаа больсон биеэ дааж ядан гараараа шал тулан сууж байлаа. Цусны эхүүн үнэр өрөөгөөр нэг ханхлана. Энэ үнэрт дотор нь муухайрч, огиулж, тасчуулж буй мэт байх дэслэгчийн бөөлжис цутгаж хоёр мөр нь тасралтгүй хавчигнан ёвгонох ажээ. Түүний амьгүй мэт болсон гар нь хэвлийнээсээ бараг сугарсан илдээ тэс атгажээ. Гэнэт самурай шийдэв. Дотоод сэтгэлийнх нь энэ их тэнхээг юутай ч зүйрлэхийн аргагүй ажээ. Тэр огцом арагш гэдийхдээ дагзаараа хана мөргөв. Мэгдэн хөшиж гөлөрсөн Рэйко энэ чимээгээр өвдөг рүүгээ алгуурхан урсан дөхөх цусан горхиноос харцаа салгаж толгойгоо өндийлгөв.

Нөхрийнх нь нүүр хүн танихын эцэсгүй болжээ. Амьд хүн гэж хэлэхэд ч бэрх мэт. Нүд нь хонхойж, шанаа ,уруул нь цусгүй цайгаад, арьс нь үхээнц өнгөтэй болжээ. Дэслэгчийн баруун гар санаанд оромгүй хүчээр илдээ өргөв. Хөдөлгөөн нь яг хүүхэлдэйнх шиг удаан, итгэлгүй байлаа. Дэслэгч илдээ хүзүүндээ тулгахыг оролдсон ч чадсангүй. Рэйко нөхөр нь хэрхэн амьдралынхаа хамгийн сүүлийн, хамгийн хүнд үйлийг хийж буйг анхааралтайяа харав. Дэслэгч гүрээнийхээ судсыг хэрчих гэж хичнээн оролдовч гар нь дэндүү дуулгаваргүй хөдөлж зөрчихөөд байх аж. Оролдлого бүрт түүний хүч барагдана. Илднийх нь ир дүрэмт хувцасных нь сайтар оёсон хатуу зах, хиазыг зураад гүрээнд нь хүрэхгүй байлаа. Хэдий товчоо тайлсан байсан ч дүрэмт хувцасных нь зах тээглэдээд байв. Рэйкод энэ үзэгдлийг цааш харах чадал тэнхээ байсангүй. Тэр нөхөртөө туслахаар очихыг хүсэж байсан ч өндийх тэнхээ байсангүй тул нөхөр рүүгээ цусан шалбааган дундуур дөрвөн хөллөн мөлхлөө. Цасан цагаан кимоно нь тэр даруй цус нэвчиж улаан болов. Рэйко нөхрийнхөө дүрэмт хувцасны захыг тайлж хүзүү гүрээг иш гаргаж өгсөн нь туслаж чадах бүхнээ хийсэн нь тэр байлаа. Эцсийн эцэст чичирч салгасан илд гүрээний сүдсанд хүрэв. Рэйкод ,тэр л нөхрийгөө илд рүү түлхсэн мэт санагдсан ч үнэндээ самурай өөрөө эцсийн хүчээ шавхан илдтэйгээ учрахаар ухасхийсэн байжээ. Илдний ир гүрээний судсыг тас зүсэн хоолойг нь нэвт хатгав. Цусан оргилуур шүршин, дэслэгч амь тавилаа. Түүний ар шилнээс цухуйх илдний ган үзүүж чийдэнгийн хурц гэрэлд хүйтэн хөх туяагаар гялбалзан байвай.

5

Рэйко шатаар алгуурхан буулаа. Цусанд хутгалдсан таби\улавч\ нь шатны гишгүүр бүрт наалдах ажээ. Тэр хийн хоолойг хаагаад ус цацан тулган дахь галаа унтраав. Тэгээд толины өмнө сөхрөн сууж кимоногийнхоо хормойг сөхөв. Цусан дуслууд түүний хормойг цоохор болгож орхижээ. Тэр дуугүйхэн цусанд будагдсан нүүрээ цэвэрлэж дахин оо энгэсэг тавьж эхлэв. Үүнийг тэр одоо хайртдаа төдийгүй орхин одож байгаа ертөнцдөө зориулж байгаа билээ. Рэйког өндийхөд толины өмнө татами дээр цус тунаран үлдсэн ч тэр тоосонгүй. Бүсгүй үүдний өрөөнд очиж бага дэслэгчийн үхэлдээ бэлдэхийн өмнө оньсолж орхисон хаалгыг бодлогоширон харлаа. Онгойлгох уу? Түгжээтэй хэвээр нь орхих уу? Шийдэхэд хэцүү л юм даа. Хэрвээ түгжээтэй орхичихвол хөршүүд нь тэдний үхлийн талаар төдийлөн хурдан мэдэхгүй. Тэгээд ч бие махбодь нь илжирч эхэлсэн хойно хүмүүс тэднийг олбол таагүй. Онгорхой орхисон нь дээр юм даа… Рэйко оньсыг мултлан хаалгаа нээлээ. Хүйтэн салхи үүдний өрөөнд шуугин орж ирлээ. Шөнийн гудамж хов хоосон, эсрэг талын байшингийн цэцэрлэг дэхь моддын дээгүүр одод гялтганан байх ажээ.

Рэйко дахиад л шатаар өгсөв. Таби дээр цус аль хэдий нь хатаж дахиж гулгахааргүй болжээ. Шатны дунд хүрч явахад нь Рэйкогийн хамрыг хурц үнэр цоргив.

Дэслэгч цусан шалбааган дунд нүүрээрээ газар шаан хэвтэж байлаа. Хурц илдний үзүүр хүзүүнээс нь бүр уртшин цухуйжээ. Рэйко цусанд бялтсан өрөөг төйвуухан хөндлөн туулаад , нөхрийнхөө дэргэд сөхрөн суугаад өөд нь эргүүлэв. Түрүүн цусан оргилуур хараад айж бахардан, бөөлжих шахам гүйж гарсаныг бодвол сайн тайвширчээ. Дэслэгчийн байдгаараа бүлтийн нээгдсэн нүд нэг л цэгийг гөлөрсөн үзэгдэнэ. Рэйко нөхрийнхөө амьгүй болсон толгойг өргөж, ханцуйгаараа цус болсон нүүрийг нь арчиж цэвэрлээд, уруул дээр нь хагацлын тэмдэг болгон үнсэв.


Тэгээд хурдхан өндийж шүүгээгээ онгойлгоод дотроос нь цагаан нөмрөг, оосор хоёр гаргаж ирэв. Нөмрөгөө бүсэлхийгээ тойруулан кимоногоо үрчийлгэхгүйн тулд болгоомжтой ороогоод давхарлан оосроор уяав. Ингээд хормой нь цэвэрхэн боллоо¹ Бүсгүй бүснээсээ чичлүүр хутга авч цэвэрхэн ирийг нь хараад долоож үзэв. Өө сэвгүй ган үл мэдэг таатай амттай ажээ. Бүсгүй хором ч эргэлзсэнгүй. Түүнийг хайртаас нь халхалж буй энэ зовлон удахгүй түүний хүртээл болж тэр хайрттайгаа уусан нэгдэнэ гэж бодож байлаа. Ийм ч учраас сэтгэл зүрх нь баяр баясгалангаар бялхах ажээ. өвчинд шаналсан нөхрийнх нь царайд ямар нэгэн тайлбарлашгүй нууцлаг зүйл байгааг тэр олж харав. Одоо бүсгүй энэ тааврыг тайлах болно. Рэйкод, тэр одоо л нөхрийнхөө итгэж биширч явсан аугаа их үзэл санааны гаслангийн амтлаг сайхныг мэдэрч байх адил санагдав. Хэрэв тэр өмнө нь энэ нандин амтыг зөвхөн нөхрөөсөө дуулж мэдсэн бол одоо өөрөө амсаж үзэх гэж байна.

Рэйко чичлүүр хутгаа хоолой дээрээ тавьж хүчлэн дарав. Шарх тун ялихгүй өчүүхэн байсан ч толгой тархи нь мэнэрэн гар нь чичирчээ. Тэр үүнийг мэдэрмэгц хутгаар хоолойгоо огцом хэрчив. Цус нь бургилан гоожиж, нүднийх нь өмнө бүх юм улаанаар эргэлдэн , аман дотор нь цээжнийх нь гүнээс ямар нэгэн халуун юм цутган орж ирлээ. Рэйко бүхий л хүчээ шавхаж байгаад чичлүүр хутгыг хүзүү рүүгээ ишинд нь тултал шаав.

¹Күнзийн суртал дэлгэрсэн орнуудад цагаан өнгийг үхлийн өнгө гэж үздэг бөгөөд амиа хорлогсод цагаан хувцас өмсдөг

4 comments:

PureveePJ said...

Энэ үнэхээр үлгэр дууриалал болохоор бүтээл шүү.. Үзэл суртлаасаа урваагүй, эх орондоо үнэнч...

Б.Баясгалан said...

Орчуулагч нь Д.Дашмөнх!!!

PureveePJ said...

Tiim ee sain orchuulga!!!

chinbaa zandariya said...

Сайхан өгүүллэг байна

Post a Comment