Pages

Subscribe:

Wednesday, December 14, 2011

Юкио Мишима


  Эх оронч үзэл

1

1936 оны хоёрдугаар сарын 28-нд буюу олныг донсолгосон тэр үйл явдлын гурав дахь өдөр¹ Гвардын тээврийн батальоны дэслэгч Такэяама Шинжи бослого үймээнийг дарах тухай тушаалтай эвлэрч, дайчин нөхдийнхөө өөдөөс зэвсэг хангинуулж чадахгүй байсан бөгөөд түүний дотны найзууд нь хуйвалдагчдын дунд байсныг мэдээд өөрийнхөө байшингийн \Ецуя дүүрэг, Аоба гудамжны 6-р байр\ нэг өрөөнд өөрийн илдээр харакири хийж үхжээ. Түүний гэргий Рэйко хайрт нөхрийнхөө жишээг дагаж мөн амиа хорлосон байна. Дэслэгчийн үхэхийнхээ өмнө бичсэн хагацлын зурваст “Эзэн хааны арми мандтугай” гэсэн ганцхан өгүүлбэр байв. Эхнэр нь ч мөн зурвас үлдээсэн бөгөөд зурвастаа тэднээс өмнө амьдралаас одож байгаагийнхаа төлөө эцэг эхээсээ уучлал гуйгаад “офицер хүний эхнэрийн ямагт бэлэн байх ёстой тэр өдөр ирлээ” хэмээн бичсэн байлаа. Эрэлхэг хосуудын амьдралын сүүлчийн мөч чулуун зүрх ч уяран хайлж бурхан ч нулимс дуслуулам байсан гэдэг. Дэслэгч гучин нэгэн настай, Рэйко хорин гурван настай байж. Тэдний хурим болсон өдрөөс хойш хагас жил ч өнгөрөөгүй байсан юм.